Уран-Өдийн шавь, сэтгүүлч М.Хангалын бичсэн нийтлэлийг толилуулья.

Уран-Өдийн шавь М.Хангал

Уран-Өдийн шавь М.Хангал

Энэ хүнийг МЗЭ-ийн гишүүн, хүүхдийн зохиолч, Эрдэнэт хотын тулгат найрагч Д.Мандахсан гэдэг. Насаараа Монголын утга зохиолын тэнгэрт яруу найргийн дууч шувуудыг нисгэсэн эрхэм билээ. 1998 онд тавдугаар ангийн бяцхан хүү “Уран өд” яруу найргийн дугуйлангийн босго алхахад үсээ хойш нь самнасан сэргэлэн шар өвгөн байсан нь одоо ч хэвээрээ. Нутгаараа очих бүрийдээ багшдаа золгоход хот газрынхны сонин хачин, залуу зохиолчдын яруу найргийн төсөөлөл, шинэ уран бүтээл нэхэж, Янжинлхамтай хэрхэн шаналан нөхөрлөдгийг минь тунгаан ярилцаж, заримдаа хамтдаа инээж наргидаг залуу сэтгэлгээтэй нэгэн. Багшийндаа очиход хот, хөдөөгийн үзэг цаас хэлхэгчидтэй таарч, танилцана. Тэдний дунд багшаар дамжуулан эчнээ танил байсан хүмүүс ч тохионо. Хэрэв Танд хувь тохиож Эрдэнэтэд очих аваас зохиолч “Д.Мандахсангийнх аль вэ” гэж хамгийн түрүүнд тааралдсан хүнээс асуугаарай. Тэгээд хоймортоо Б.Ринчен, М.Цэдэндорж тэргүүтэн бичгийн түшмэлүүд залсан номын өргөөг нь олж очоорой. Хэдэн үг солиод л Та шинэ сэтгэгдэл, өмнөө ухаарал олох болно гэдгийг хэлмээр байна. Багштан өдгөө 74 насыг зооглож байгаа ч ерөөс сэтгэлээрээ бол уран зохиолд хорхойсон ид хийж бүтээх үе дээрээ байгаа гэлтэй. Шүлэг найраг хэлхэн ганцаардлаа гарал угсаа минь хэмээгээд мэдрэмжээ алим мэт зажлан эгэлүүдийн дурсамжийн төсөөллийг дүүргэх гэж мөр хэлхэн амьдардаг яруу найрагч.
Яруу найрагч Д.Урианхай, Эрээнцавын Д.Нямсүрэн, шинэ үеийн залуу Г.Аюурзана нарыг хүндэтгэн уншигч энэ хүн найрамдлын Эрдэнэт хотод гэр бүлийн хамтаар аажуу тайван амьдран буй. Гэрээр нь орох бүрийд ном шагайж, үзэг түшин цонхныхоо дэргэд гэрэл цацруулан суудаг сан. Шүүгээ дүүрэн номын цуглуулга, тэдгээрийн нэлээдгүйг шавь нарынх нь бүтээл эзэлнэ. Түүний удирддаг “Уран өд” дугуйлан хүүхдүүдийг уран зохиол ойлгох, уран зохиолд дурлах нөхцөл бүрэлдүүлэхээр ерийн байдлаар бий болсноосоо хойш нэгэнт хагас зууныг элээжээ. Д.Мандахсан “Би хүүхдүүдийн дунд л зохиол бичдэг болсон” гэж хэлэх дуртай. Дугуйлан дүрслэл, уянга, өгүүлэмжээр үлэмж баялаг.
“Өглөө болгон хардаг нарны тухай
Өдөр бүр гишгэдэг чулууны тухай
Өнөө л анх бодуулсан хавар минь…” гэх буюу
“Бүүр түүр гөрөөс хажуугаар гүйх нь үзэгдэж
Бөрт сэвхэн саран үүлэн цаагуур орлоо
Бүдэг цагаан дэрсний гэрэл дор би сууж
Бөн бөн будан залгиж дүүгээ хүлээмү…” зэрэг мөртүүдийг хоолой нийлүүлэн уншсанаар эхэлдэг сэн. Улмаар цугласан багачууд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж багшаасаа магтаал сонссоноор л жинхэнэ яруу найрагч болж мишээн алхана. Энэ дугуйлан аргагүй онцлог.
Багш хүүхдүүдээсээ “Үнэг” гэж хэн бэ? гэсэн асуулт тавина. “Үнэг надаас алдартай” гэж хариуснаа мартаггүй. Шүлэг зохиол бичиж алдарт хүрдэг мэтээр төсөөлж асан тийм жаахан үеийн минь хариулт л даа. “Чамайг өвөө бол гэвэл яах вэ?” гэхэд “Эмээ нь хаан байгаа юм бэ” гэнэ гэж хүүхдүүд хэлнэ. Ингэж л чөөлтэй сэтгэж, энгийн дүрслэнэ. “10 жилийн дараа ямар хүн болох вэ” гэхэд нь материаллаг байдлаар хариулсан хүүхэд үгүй байтал хийсвэр ертөнцөө бүтээсэн хүн өнөө ховор юм даа. Үнэхээр энэ их хүн хүүхдүүдийг зохиолч болгож, хүүхдүүд түүнийг утга зохиолын ертөнцөд мөнхөлжээ. Тэр шавь нартаа эзэмшсэн мэдлэгийн дагуу уран зохиолын ойлголт өгч амьдарсан бөгөөд шавь нар нь Монголынхоо утга зохиолыг ертөнцтэй адилтгаж явна. Сансарын нисгэгч, БНМАУ болон ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа түүний даасан ангиас төрсөн агаад наймдугаар анги төгсгөхөд нь гавъяат багш Д.Ганчимэг төрж багшийнхаа нэрийг өргөж байдагт нь тэрбээр баярлаж явдаг. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг, Ж.Батцэцэг, сэтгүүлч Ж.Сэлэнгэ, яруу найрагч Г.Эрдэнэсолонго, Д.Баттогтох, Х.Болор-Эрдэнэ гээд зохиолч, яруу найрагч шавь нарынх нь нэрийг тоочиж үл барна. Багштан өөрөөсөө илүү шавь нарыгаа ярина. Түүний бахархлын манлайд “Уран өд” дугуйлан оршдог. Энэ өргөөнөөс сэтгүүлч, зохиолч, багш, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрөн гарсан нь бүгд утга зохиолын мэдрэмжит нэгэн болон төлөвшжээ.
Төрийн дээд шагналтан С.Оюун түүний анхны шавь нарын нэг. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт энэ охиноороо Мандахаа багш бусад хүүхдийнхээ адил бахархана. Өөрөөр хэлбэл түүний “Уран өд” дугуйлан соёлын гавъяат болсон хэрэг.

“Яруу найраг бол гайхамшиг! Хэний хүү, хэн ч авъяас эрдэмтэй л бол сэтгэлийн хүлгээрээ уралдаж гайхуулах уран харгуй юм. Үнэтэй юм бүтээж , хүндтэй болно гэдэг авъяас. Эгэл энгийнээс үнэд ортол “урлана” гэдэг бол чадал. Үүнийг шүлэг нь л хэлэхээс, өөрөө ч хэлэхгүй, багш нь ч хэлэхгүй, шүүмжлэгч нь ч хэлэхгүй. Яруу найраг “амьтай” учраас эзнээ хэн бэ гэдгийг нээж хэлдэг гэж би боддог. Сэтгэл эзэмдэгч, оюун ухааныг гийгүүлэгч, тэрхүү мөр шад, алтан бадгууд өдгөө ч уншигч түмэнд “хашгиран“ хэлдэг билээ. Эдгээрийг миний багш надад хэлсэн. Багш чинь юу заасан бэ гэж надаас бүү асуу. Багш минь өөрийгөө олоход хөтөлсөн юм.
Мандахаа багшийн дуунуудыг дуулж өгсөөгүй монгол хүн үгүй биз ээ. Нийслэлийн 16 дугаар дунд сургуулийн пеонерийн удирдагч байх үед нь пионерийн ордон шинээр байгуулагдаж удирдагчдыг залуучуудын эвлэлийн төв хороонд цуглуулан сонин гаргахаар болсон гэдэг. Ингэж “Пионерийн сонин”-ы эрхлэгч Сосорбарам, хүүхдийн нэрт зохиолч Содномдорж нарыг дагаж мэдээ бичиж гүйж яваад л шүлэг бичдэг замаар орсон байдаг. Дээд сургуульд ороод Ө.Баасанжав хэмээх гялалзсан жижигхэн багшийн буянаар үзгээ хурцалжээ. Дараа нь Булган аймагт багшилж байхад нь шавь нь болох төрийн шагналт хөгжмийн зохиолч Чинзориг “Багшаа би хөгжмийн зохиолч болсон” гэсээр золгосон гэдэг. Тухайн үед аав нь хүүгээ анзаардаггүй шиг багш нь бас үнэмшилтэй биш хадаж байсан ч “Хонхот хүүхэлдэй”, “Бөмбөг”, “Үерхэл” дуунууд төрж Д.Мандахсанг хүүхдийн зохиолч болгосон юм. Дараа нь Эрдэнэт хотод шилжихэд манай урдаа барьдаг хөгжмийн зохиолчдын нэг гавъяат багш Галмандах “Булганы Мандахсан Эрдэнэтэд юу хийж явдаг билээ” гэж дуу алдан уулзаж “эчнээ” мэддэгээ хэлсэн байна. Уулзангуутаа үг нэхсний ачаар “Үерхэл чамайг нандигнана” дуу бүтсэн нь “хоёр Мандахын дуу” хэмээн алдарших болж. Ингэж л багшийн хүүхдийн зохиолч хэмээх эрхэм алдар нь батжижээ. Дууны жигүүр алс холд хүрэх чадвар нь гайхалтай юм. Галмандах, Чинзоригийн хүчээр багшийн шүлгүүд амь орж үе үеийн багачуудын хүсэл мөрөөдлийг тээн эгшгэлсээр байна.
Хэл, уран зохиолын багш уран зохиолын дугуйлан удирдана гэдэг нэрээр “Уран өд” дугуйлан 1958 онд Булган аймагт үүссэн хэрэг. Үнэхээр багш удирдсан шиг удирдав. Түүний шавь нар “Уран өд”-ийн 50 жилийн ой болоход багшийгаа баярлуулж номыг нь хэвлэж өгчээ. Сүүлийн арав гаруй жил тэр ном хэвлүүлж чадаагүй байсан юм. Олон жил шүлэг нухаж, хэдэн авдар ноорог хураасан бөгөөд бүтээлээ түгээхдээ харам энэ хүн таван ном эмхэтгэжээ. “Навчин ай” хэмээх шүлгийн номоо шавь нарынхаа буянаар гаргасан нь Монголын утга зохиолын эрэл хайгуулын орчин цагийн манлайд тавигдах ажаам. Ном гарсны дараа Эрдэнэт хотын зохиолчид Мандахаа багшийн нэрэмжит “Навчин ай” яруу найргийн наадам зохион байгуулсан нь түүнийг ихэд баярлуулсан юм даа. Би ч багшийнхаа нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулах тухай мөрөөддөг билээ. 2008 онд Д.Мандахсан багшийг олон жил утга зохиолын дугуйлан удирдсанд МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” одонгоор энгэрийг нь мялаасан. Энэ бүхэн түүний туулсан гайхамшигт амьдралын үр дүн, яруу найргч шавь нарынх нь болоод яруу найраг хэмээх агуу ертөнцийн буян билээ.
Орчлонд яруу найраг гээч сэтгэлээ уудлах сэтгэцийн ажлыг тодорхойлоогүй найрагч ховор биз ээ. Янз бүрээр тайлбарлаж болох ч яруу найраг ерөөсөө л сэтгэл юм. Далд оюун санааны үнэний илрэл, зохиолчийн нөхцөл бүрэлдсэн үед л гарч ирдэг. “Үгээр хэлж боломгүй зүйлийг илэрхийлэх ид шид хуралдахыг яруу найраг гэнэ” гэж багш хэлдэг. Онол хүртэл үрэн таран болсон өнөө үед манай харааны шилтэй шүүмжлэгч, судлаачид ч өвгөн багш шиг оноод хэлчихээгүй юм шүү. Тэр Ч.Билэгсайхан, Д.Галбаатар, Байгальсайхан нарыг хийгээд гадны онолчдыг ч уншсан. Тэдний судалж бисэн бүхнийг хөдөө буйдаас дүгнэн суудаг, гайхамшигт ажиглагч. Ажиглахдаа өөрийнхөө энд хүрч сэтгээгүйг нь шоолж ажиглана. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн “Яруу найрагч хүн ЭРЭЛ-ийг эцсийн амьсгал хүртлээ баримтлах учиртай. Энэ аугаа зарчмыг Мандахсан СҮЛД-элсэн байна. Бүтээл, сэтгэлийн дотно андын ном, шүлгийг ингэж бичдэг юм гэж тоохуутай нь аргагүй хэлээ гаргаж намайг еэ еэ бөө бөө гэх шиг болов. Ингэхэд нь би ичихгүй байна. Шатаж буй гал руу ус бүү цац гэдэг дээ. Миний анд МАНДАХ найргийн САН тавьж байна” гэжээ.
Багшийндаа саяхан очиход өнөөх л шүлэг нэхдэг зангаараа, утга зохиолын тухай яриа дэлгэнэ. “Үггүй зүг” хэмээх сайхан ном хэвлэлтэд бэлтгээд байгаагаа хэлсэн юм. Багшийн сургамжит үгсийг сонсч байхнээ бурхны дундач үзэл илэхий шингэсэн нь мэдрэгдсэн. Миний багш гэрээгч байгаа хүн шиг надад санагддаг юм. Гэгээрэлд хүрэх замыг сонгосон хэн боловч биеийн хүсэлд автах бас энэ ертөнцийг тэвчихийн тулд бие сэтгэлээ тарчлаах учиргүй. Амьдралын энэ хоёр туйлшралаас зайлсхийж, сэтгэл оюунаа номхруулан саруул ухаанаар гэгээрэлд хүрэх дундач үзэл гэж буй. Үүнд зөв үзэл, зөв бодол, зөв яриа, зөв явдал, зөв амьдрал, зөв чармайлт, зөв ухаан, зөв төвлөрөлт тэргүүтэн найман зөв зам орно. Энэ бүхнийг тайлбарлах илүүц биз ээ. Д.Мандахсан багш ертөнц дээрх бүх юмсын үүсэн буй болох шалтгаан нөхцөл хийгээд устан замхрахыг ажиглагч. Сэтгэлдээ энэхүү хоёрдмол харьцааг эрэлхийлж, хүний амьдралын өөрчлөгдөн байгаа байдалд тайван хандаж, оюундаа бясалгах нь номч хүний эрхэм үйл ажгуу.
Азийн зүрхэн дэх бяцхан хотноо гэрэлтэн байх нэгэн багшийн түүх ийм байлаа. Утга зохиолыг урнаар өдлөх “Уран өд”-ийн дууч шувуудын удган мод Д.Мандахсан үеийн үед Монголын утга зохиолын нэгэн багана байх буй за.
Урлагийн тэнгэр Янжинлхам ивээх болтугай.