Шошго

,


Өлгөөтэй Хайдав

Өлгөөтэй Хайдав

Ямар малгай биш дээ
Ядаж бээлий биш дээ
Яалаа гэж Хайдав
Ямаан дах шиг өлгөгдөө вэ?
Нүдээ аниад
Нүүрээ улайлгаад
Хөлөө тийчигнэв
Гараа дугтчив
Хашааны орой
Загасны дэгээ шиг
Хааш нь ч, яасан ч
Тавьсангүй
Дээлний нь хормой
Дэвхрэг царцаа шиг
Дэгээдэж гогцооруулаад
Салсангүй
Гудамжаар хүмүүс алхана
Гунгар гангар ярилцан алхана
Амтат яриандаа зарим нь анзаарсангүй
Ажиглаж харах нь инээдээ барахгүй
– Харав уу та минь! ха ха ха
– Хачин юм бэ? хи хи хи
– Ёстой нэг … хо хо хо
– Эзнээ бүр … хө хө хө
Инээлдсээр хөгжилдсөөр өнгөрнө
Ичихдээ Хайдав тонгочно

Тэгтэл олноос хоёр хөгшин
Тээр холоос дуу алдав
– Харав уу таминь! туслаарай, туслаарай!
– Хашаанаас нь салгаарай, салгаарай!
– Өндөр хашаа барьдаг нь ч юу вэ? Элээ, элээ
– Өчүүхэн амьтныг шоолдог нь ч юу вэ? Эвий, эвий
– Ийм ч юм болох гэж ! Хурай, хурай
– Ижий аав нь хэн юм бол? Хөөрхий, хөөрхийkid-climbing-fence-picture-by-Summer-Murdock

Салгах гэж сарвайгаад
Эмгэн хүрсэнгүй
Өргөх гэж өлийгөөд
Өвгөн дийлсэнгүй
– Иш ш !
Хаалга үүдээр
Гардаг болохоос
Хашаан дээгүүр
Давдаг юм уу? гэж
Эмгэн үглэнэ
– Иш ш !
Өмссөн хувцсаа
Өлгөдөг болохоос
Өөрөө өөрийгөө
Өлгөдөг юм уу? гэж
Өвгөн зэмлэнэ
Өлгөөтэй Хайдав
Өөрөөсөө зовохдоо
Нүдээ аниад
Нүүрээ минчийлгээд
Хэд тийчлэв
Хий сарвалзав
Дээл нь шархийгээд урагдлаа
Дэгээдсэн хормой нь сэтрээд уналаа

Ямар малгай биш дээ
Ядаж бээлий биш дээ
Яалаа гэж Хайдав
Ямаан дах шиг өлгөөтэй вэ?