Л.Батцэнгэл / Энтертайнмент

“Алтан-Өд” наадам болсон 27-ны өдөр Зохиолчдын хорооны хурлын танхимд ороход С.Оюун эгч тэр олон зохиолчдоос их л дотноор “Бие чинь сайн уу” гээд баруун хацар дээр үнсэхэд тэнгэрт одсон эжий минь өөрийн эрхгүй бодогдсон. Монгол түмэндээ оюун сэтгэлийн сайхнаа зориулсан Оюун ахайтан Үндэсний эрх чөлөөний түүхт сайхан өдөр төрийн шагнал хүртлээ. Сайхан байна аа, сайхан байна. Тэгсэн өнөө өглөө Эрдэнэт хотоос Монгол Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан ярьж байна.

-Төрийн шагналт шавь төрүүлсэн багш Танд баяр хүргэе!

-Баярлалаа, миний хүү. Багш нь өөрөө төрийн шагнал авчихсан юм шиг хөл газар хүрэхгүй л баярлаж бахдаж, дэгдэж дэрвэж байна.

-Шавьдаа баяр хүргээ биз?

-Охинтойгоо өчигдөр утсаар холбогдож баяр хүргэсээн. “Уран-Өд” дугуйлан маань төрийн шагналт боллоо шүү дээ гэхэд ихэд баярлаж байна лээ. Дугуйлангаас минь Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн Баянсан, “Болор цом”-ын дэд байрын шагналт Хандхүүгийн Нямхишиг, “Алтан-Өд”-ийн шагналт Баясгалан гээд олон сайн уран бүтээлч төрсөн. Одоо ингээд төрийн шагналтан төрлөө дөө. Багш нь энэ сайхан зүйлийг сонсох гэж л өдий наян таван насыг насалж дээ.

-Таны “Уран-Өд” дугуйланг олон уран бүтээлч дамжаа байлгүй?

-Жилд хорин хүүхэд хамрагддаг байсан гэхээр энэ жаран жилийн хугацаанд нэлээд тоо гарах байх. Тэр олон хүүхдээс зохиолч болсон нь гэхээр бас нэг тоо гарах байх.

Мандахсан багш бид хоёрын хооронд ийм яриа болов. 2015 оны намар төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн 60 насны ойгоор Булган яваад ирэхдээ Эрдэнэтээр дайрч түүнтэй ярилцаж байснаа толилуулъя.

Д.Мандахсан: Шавийн минь долдугаар ангидаа бичиж байсан шүлэгтэй ханын сонин одоо ч надад бий

Монгол Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Дамдинсүрэнгийн Мандахсантай хөөрөлдөв.

-Таныг Булган, Эрдэнэтийн утга зохиолын хүрээнийхний оюун санааны эцэг гэлцдэг. Тиймдээ ч танд Монголын төр гавьяат багш хэмээх эрхэм сайхан алдраа хүртээсэн болов уу?

-Би Булган нутгийн хүн. Аймгийнхаа арван жилийн сургууль дүүргээд Улсын багшийн дээд сургуульд элсэн төгсөөд л дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тасралтгүй ажилласан даа. Багшийн институтыг 1957 онд төгсөж байлаа. Энэ ангийнхнаас минь одоо тоотойхон хэдэн хүн үлдсэн байна. Орчуулагч, зохиолч Хөвсгөлийн Балжинням, Баянхонгорт насаараа багшилсан Түнтгэр нарын мундаг оюутнууд манай ангид байлаа. Багшийн ажлын гараагаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хөдөө аж ахуйн техникумд багшилснаар эхэллээ. Тэнд нэг жил багшлаад, Дорнодын техникумд ажиллаж, нийслэлийн арванзургадугаар дунд сургуульд пионерын удирдагч хийж байгаад 1964 онд Булгандаа ирээд насаараа багшиллаа даа.

-Шавь нарынхаа тоог алдсан юм байна даа?

-Дөч гаруй жил багшийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийснийх овоо тоо гаралгүй яахав. Даасан ангиас маань найм төгсгөсөн Монгол Улсын гавьяат багш Ганчимэг, аравдугаар ангийн төгсөлтөөс ОХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын тэргүүтэй эрдэмтэн, эмч, багш нар олон төрөн гарсан даа. Монголд сансрын нисгэгч төрсөн нь нэг юм. Сансрын нисгэгчийн ангийн багш гэхээр би их азтай, өндөр заяатай хүн юм. Энэ олон хүүхдийн буян намайг алдрын зэрэгт өргөлөө.

-Монголын их утга зохиолд нэртэй мөртэй яваа олон сайхан зохиолч, яруу найрагчдыг төрүүлсэн биз?

-Хүүхдийн гэрэлт ертөнцөд ажиллаж байсан болохоор уран зохиолын ажилд өөрийн эрхгүй татагдан орсон. Уран зохиолын дугуйлан удирдан ажиллаж байгаад нэг л мэдэхэд өөрөө зохиолч болсон байсан. “Уран-Өд” дугуйлан маань одоо тавин тав дахь жилдээ явж байна. Өдий олон жил хичээллэж байгаа гэхээр хүмүүс тэгтлээ үнэмшдэггүй юм. Миний залуу настай хамт төрсөн дугуйлан даа. Миний дугуйлангаас сэтгүүлч, зохиолч, яруу найрагчаас гадна эмч-эрдэмтэд олон төрөн гарсан. Хүүхэд насны дэврүүн жигүүрийг дэлгэж өгсөн өвгөн багш би азтай хүн юм гэж он жилүүдийн өндөрлөг дээрээс бахархаж явдаг даа. Дугуйлангийн шавь нараа би эхэн, дунд, залуу үеийн гэж гурав ангилдаг юм.

image

-Эхэн үеийнхэд нь ямар шавь нар байна?

-Эхэн үеийн шавь нараас хурандаа Баасай маань одоо надтай нэг хотод аж төрж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Санжжавын Оюуныг та бүхэн сайн танина. “Тан руу нүүж явна” гэж ямар сайхан кинотой билээ. “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье, чамайгаа үнсье”, “Харанга” хамтлагийн дуулдаг “Санана даа” зэрэг олон дуугаар нь уншигчид түүнийг андахгүй. Шавийн минь анх долдугаар ангид байхдаа бичсэн шүлэгтэй сургуулийн ханын сонин одоо ч надад байдаг. Оюун маань бүх хичээлдээ жигд онц сурдаг хүүхэд байсан болохоор багш болгон булаацалдана. Онигордуу нүдтэй болохоор би шавиа “Онин бууз” гэж өхөөрддөг байлаа. МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг гэж тун чиг тунгалаг гэгээн яруу найрагч бас миний шавь. Б.Цэрэнжамц анх надад дагуулж ирснээр миний гэрийн, гарын шавь болсон доо. Булганд байхад нь хоёулаа нэг нэгэндээ шүлэг зохиолоо үзүүлэх гэж шөнө дүлээр ч гүйдэг байсан сан. Эхэн үеийн шавь нарт Монголын радиогийн нэрт сэтгүүлч Н.Хишигдорж, С.Оюунчимэг, “Аарцны чулуу” хэмээх гайхамшигтай шүлэг туурвисан яруу найрагч Ц.Чинбат, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, яруу найрагч Данзангийн Ганчимэг нарын олон сайхан шавь нар маань өнөөдөр Монголын утга зохиолын их ертөнцөд уран бүтээлээ туурвиж явцгаана.

image

-Дунд үеийн шавь нар тань хэн хэн билээ?

-Дунд үеийн шавь нарын маань оргил нь “Хойд шугуйн жимс” шүлгийн түүврээрээ Монголын утга зохиолын ерээд оныхон дунд байраа эзэлсэн яруу найрагч Жадамбын Батцэцэг, талийгаач шавь, гэгээн уянгын яруу найрагч Дорждамбын Баттогтох, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэсолонго, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа нар маань байна. Толгой сүүл холбосон цагаан магтаал, ерөөлийн шүлэг бичдэг байсан үед Батцэцэгийн шүлэг шинэ сэрэл мэдрэмж, сэтгэлгээг бий болгосныг номыг нь уншаад мэдэх биз.

-Бурхан болооч Тогтохоо найрагчийн танд хаяглан бичсэн захидлууд тусдаа ном болон хэвлэгдсэн дээ?

-Хөөрхий минь дээ, тэр сайхан найрагч шавь маань даанч насыг насалсангүй. Надад өгөх гэж бичсэн захидлуудыг нь одоо уншихад аймаар хүнд. Багшийнхаа сэтгэлийг зовоохгүй гэж бичсэн захидлаа дарж дарж надад хүнээр бөөнд нь явуулсан байдаг юм.

-Сүүл үеийн шавиудаа нэрлэвэл…

-Яруу найрагч М.Хангал, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам, Лхагвасүрэн нарын олон шавь бий. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийнхний хэд хэд нь миний шавь нар гэхээр сайхан санагддаг. Монголын радиогийн сэтгүүлч, хүүхдийн зохиолч Пүрэвсүрэн манай дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэхдээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс түүний нэг өд нь Мандахсан багшийн төрүүлсэн “Уран-Өд” дугуйлан юм“ гэж тодорхойлсон нь сэтгэлд тод байдаг.

-Ломбын Нямаа гэдэг мундаг сэтгэгч зохиолч Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль гэдгийг бий болгосон байдаг даа. Таныг бас Эрдэнэтийнхний дэг сургуулийг тэргүүлэгч гэж хэлж болно биз?

-Ломбын Нямаа маань маш олон шавь төрүүлсэн аргагүй л түүчээлэгч зохиолч. Их соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн хэлсэн “Шинэ зохиолч төрүүлнэ гэдэг шинэ тив нээсэнтэй адилхан” гэсэн үг надад их гоё санагддаг юм.

-Утга зохиолын аваргуудтай аль хэр ойр байна даа?

-Эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням, их найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав нартайгаа сэтгэл ойрхон л байдаг. Сүүлийн үед Сүхбаатарын яруу найрагч Амартайван, соёлын гавьяат зүтгэлтэн адуун хийморьтой найрагч Ай.Төмөр-Очир нартайгаа ойрхон байна даа.

-Сансрын нисгэгч Гүррагчаа баатар маань ангийн багшийндаа их ирнэ биз?

-Ирнээ ирнэ. Энэ жил гэхэд хоёр гурван ч удаа уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө гэхэд багштайгаа авахуулсан баахан зургийг угаалгаад бие хүнээр өгөөд явуулж. Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой дөрвөн жилийн өмнө болоход Оросын болон бэлтгэл монгол нисгэгч андуудаа бүгдийг дагуулаад муу багшдаа ирсэн. Монголд байтугай дэлхийд нэрээ гаргасан шавийнхаа буянд тэр олон гайхамшигтай уулзаж учирна гэдэг үнэхээр сайхан байсан. Юмны учрал ерөөл гэдэг ийм гоё юм.

image

-Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсныг таны шавь гэж сонсож байсан юм байна. Та хоёр хэр ойрхон байв?

-Шавиар барахав, бурхан минь. Тэр хүнтэй чинь багш шавь гэхээсээ илүү бүүр ойрхон, бараг ах дүү шиг явсан. Чинжигийн эгч Цэнд-Аюуш гэж хэл-уран зохиолын багш бид нэг сургуульд хамт ажиллаж байсан. Чинзориг багаасаа л шүлэг зохиол сонирхож манайхаар их ирнэ. Хойно оюутан байхдаа авахуулсан гоё зургаа гарын үсэг зурж бэлэглэсэн нь одоо надад байдаг юм. Тэр жил нэг зуны амралтаараа давхиж ирээд “Багш аа, би хөгжмийн зохиолч болсон шүү. Танд дуу болчихоор шүлэг зохиол байна уу” гэлээ. Би шүлэг найргийн баахан гар бичмэлээ үзүүллээ. Тэрэн дотроос “Хонхот хүүхэлдэй” шүлгийг аваад “Энэнд л ая хиймээр байна, хөгжим байна уу” гэж байна. “Ямар юмных нь хөгжим байхав” гэсэн чинь манай баруун айлын Мооёо эмчийн хүүхдүүдийн гитарыг гуйж авчраад пингийн үүдэнд товшоод байсан юм. Тэгсэн удалгүй “Багш аа, ая хийчихлээ, хүрч ирээд сонс доо” гэлээ. Яваад очвол гудамжинд тоглож байсан хүүхдүүд нөгөө Чинжигийг чинь тойроод суучихсан

“Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад

Хоёр тийшээ найган ганханаа

Жин жин жин жин жин жингэнээхэй

Бөн бөн бөн бөн бөн бөндөгнөөхөй

Дон дон дон дон…

Жин жин жин жин…

Хонхот хүүхэлдэй дуугаа дуулахаар

Хойд айлын хүүхдүүд цугларнаа…” гээд аль хэдийнэ сурчихсан дуулж байдаг юм. Тухайн үед ч “Хөөрхөн болж л” гэж бодож байлаа. Анх Могодод дуулагдаж байгаад хожим хотод түгсэн дээ. Түүнээс хойш “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” дуунууд нь гараад ирэхээр л үнэхээр мундаг хөгжмийн зохиолч юм байна гэж бодож эхэлсэн дээ. “Зүүдний говь” дуу нь гэхэд байгалийн гоо сайхнаас илүү хүний дотоод сэтгэлийг ямар яруухан гаргасан гэж санана. Яг л үүлэн дээгүүр нисэж буй мэт сэтгэгдэл төрдөг юм шүү. Чинжигийг дагаж яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Сүхбаатарын Батмөнх, Шагдарын Уянга, хөгжмийн зохиолч Б.Шарав, Баттөмөр нар Эрдэнэтэд манайд ирж байсан.

-Та олон ном хэвлүүлсэн байх аа?

-“Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн хэд хэдэн дуутай шүү. Одоо “Үггүй зүг” гэж яруу найргийн номоо хэвлэлд бэлдсэн. Миний хувьд уран бүтээлийн өөдрөг бодлоор “Мандахсан гэж тэмүүлэхээс намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өөрийгөө өдөөж хатгадаг нэгэн юм даа.

-Монголын өнөөгийн утга зохиолын тухай санаа бодлоо хуваалцаач?

-Яруу найргийн эрлийн олон бүлгэмүүдээс “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”-ийнхэн нэлээд зүгширчихлээ. Би энэ Гунаажавын Аюурзана гэдэг хүнийг Монголын утга зохиолд их буянтай үйл хийсэн хүн гэж бодож явдаг. Зогсонги байдалд орчихсон утга зохиолыг тэр л урагшлуулж, араасаа олон залуусыг дагуулахын тулд өөрөө их гэгээрч яваа хүн юм.