Шошго

, , , ,


Уран-Өдийн шавь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго гэргий МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нар

Уран-Өдийн шавь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго гэргий МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нар

Уран-Өдийн шавь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонгынхоо “Ирээдүйн дурсамж” номын өмнөтгөл үгийг бичсэнээ энд сийрүүлье.

Итгээгүйдээ биш, дэндүү итгэсэндээ хөндүүрлэдэг юм.

Номонд “оршил” бичих том юм. Би зүгээр л нэг бодрол бичсүү-           2013.11.06

erdenesolongo

…Цонх нэвтлэн өглөөний нар тусна. Ямар эгэл энгийн бэ? Тийм тусмаа сэтгэл хөдөлгөнө. Нар тусах сайхан. Өглөө бүр нар тусах ч хүн түүнээс уйдсан нь үгүй. “Түүнээс уйсдаггүй чанар хаанаа байна?” гэх зуур “Хачин юм бодоод” гэж өөрийгөө шоолно. Гэвч тэр агуу хурц гэрэл, тал бүр лүүгээ асгаран цацрах туяа нь сэтгэл хоргодуулах, нэг тийм үнэнийг биед шингээнэ. Бас дулаахан илч нь өөртөө татна.
Тэндээс амьдрал ургах мэт сэргэдэг. Нар мандах бүр ч сайхан. Би нарны дор амьдардаг эгэл хүн. Хүн хүний сэтгэлд нар байдаг. Үг гэдэг гэрэл байдаг. Хүний гэрэл үгээр гадагшилдаг. Ямар өнгөтэй, ямар гэрэл гардгийг үг өөрөө “хэлдэг” гэж бодогдоно. Үгийн өнгө гэрлийг ялгадаг хүнийг дотроосоо гэрэлтдэг хүн гэж хэлдэг. Тийм гэрэлтдэг үгээр шүлэг, найраг бичдэг. Яг нар тусаж байгаа юм шиг… Нар мэт илчтэй нэгэн найрагч хүүтэй билээ, би.

*** *** ***

Номтой хүн бүтэн харагддаг. ”Энэ номыг бичсэн хүн шүү дээ” гэж бодоход улам сайхан, бас хүндтэй санагддаг. Хүү овоо хэдэн ном уншигчдадаа барилаа. Би ном бичсэнд нь баярладаг ч “Хүмүүс яаж хүлээн аваа бол?” гэж зовдог. Итгээгүйдээ биш, дэндүү итгэсэндээ хөндүүрлэдэг юм. Миний л сэтгэл юм даа. Зарим нэг нь “Гүзээлзгэний амьдрал” жимсний амттай шүү гэж чихэнд сонсогдохоор хэлдэг. Би сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөхдөө дотроо найрагч хүүгийнхээ нэр шиг, тэнгэрт нумарсан солонго татуулан баясдаг. Гэхдээ уран бүтээлчийг “хэн бэ?” гэдгийг бүтээл нь өөрөө хэлдэг дээ гэж бодоход бас сайхан. Түүний бүтээл түүнийг хэн болохыг бүрэн хэлж өгч байна.

*** *** ***

Сайн бүтээл хийх яахав. Сайн хүн болох бас амаргүй. Энэ цаг хүнээ их эвдэх юм. Сайн хүнийг муу болгодог, сайхан хүнийг муухай болгодог ээдрээтэй үе юм. Монгол хүнд жудаг гэж байдаг. Жудагтай хүн үлгэртэй явдаг. Үр хүүхдээ өсгөх, зон олноо бодох, түших, эх орноо зүрхэндээ тээж, эх хэлээ торго шиг эдэлж ээж шигээ хайрлах. Хэл бол амьдрал гэж бахархаж баяжуулж явдаг хүн ёсны агуу уламжлалтай билээ. Хүний дээд сайн хүнээс сайн бүтээл гарна гэж боддог. Цээжээ байн байн дэлдэж …би, би… гэж хашгичсан хүнд итгэх хэцүү. Гэвч үзэг түшиж үг таньж яваа хүн гэгээтэй байдагт илүү итгэдэг. Хүн төлөвших тусам хүнд үнэтэй болдог. Хүн хүн болох сайхан. Хүү минь хүн болжээ.

*** *** ***

Урам бол бурам. Урмын үг сонсохгүйгээр, урмын үг хэлэхгүйгээр амьдрана гэдэг утгагүй. Ялангуяа хүүхэд, залуус урамших дуртай. Хүн гэгч язгуураасаа урмын амьтан. Эрхэм яруу найрагч Т.Очирхүүгийн “Хүмүүс ээ, урам хайрла” гэсэн шүлэг, хүн болж төлөвшихийн нэг гол эрхтэнг оноод хэлчихсэн, хэний ч зүрхэнд ойрхон явдаг алтан шадууд. Хүнд хэлчихмээр сайхан урмын үг ороод ирсэн ч хэлчихэж нэг л төвдөхгүй, дүмбэ хачин хүн ч байх. Хүн хүнээ баярлуулах гэдэг бас нэг онцгой төлөвшил гэж би боддог. Хоосон цаасан магтаал биш, сэтгэлийн урамтай үг ямар ч хүнд бурам болдог гэж би ухнам. Хүүдээ урмын үг харамлаж эс чадна.

*** *** ***

Хүнийг ойлгох, хүмүүст ойлгогдох гэдэг эрдэм. Зөндөө л хэвлэл мэдээллийн газарт ажиллалаа. Бичиг судрын ажилд мэргэшсэн “номын хүн” гэж дотроо чамайг хүндэлж сэтгэл уужирдаг юм. Явж явж бичих л гэж төрсөн хүн болой. Ямар мал маллаж, тоосго цохих биш. Оюун гэгээрлийн сүм босгох тавиланд өөрийгөө зориулж дээ гэж бодох тусам чамайг ихэд хайрланам. Аливааг ажиглах, өөрийгөө болоод хүнийг нээх, ил далд чанарын урлах ухаан эзэмших бүгд л чамд харьяатай. Сэрж сэтгэнэ гэдэг авьяас юм. Хүн гэгч сэтгэж байж хүн болдог. Би ийн бодлогоширно. Хүү минь сэтгэж чадаж байна.

*** *** ***

Цэцэг мэт алагласан, шинэ шүлэг шиг хүүхдүүд намайг тойрон мөөгний хүрээ мэт суудаг. Хаана хүүхэд байна тэнд баяр баясгалан байдаг. Дуу шуугиан байдаг. Тэр миний дуртай чимээ. Чи тэр чимээн дундаас тодорч торойсон чимээ юм. Эцэст нь хэлэхэд байгаагаараа байгаа эгэл үнэнийг чин сэтгэлээсээ нээснийг яруу найраг гэдэг байх. Миний хүүгийн номноос жинхэнэ яруу найраг амтагдаж байна.
Номын багш Дамдинсүрэнгийн Мандахсан

“Ирээдүйн дурсамж” номын өмнөтгөлд…