Шошго


Могойт голын модон гүүр

Яруу найрагч Жадамбын Батцэцэг багшийнхаа тухай дурсан бичсэнийг хүргэе.

Ангийн охидууд нэгэн дотно нууц зүйл хоорондоо ярилцаж, шүлэг бичих болсноо сэмхэн гайхуулах боллоо. Найз Б.Оюун намайг ятгасан тул зориг гарган анх удаа “Уран Өд”дугуйланд очив. Бодол санааг минь чөлөөтэй сонсож урьд өмнө огт сонсож үзээгүй зүйлийн тухай өөр нэгийг өгүүлсэн тэр орчин нэгэн содон эрх чөлөөг мэдрүүлж билээ. Багш минь тэр үед сониучирхал төдий очсон бяцхан охины сэтгэлд байсан сэжүүр утсыг зөв татаж хөвөрдөж дээ.

197624_148929191909286_425619336_n

Ямар малгай биш дээ

Ядаж бээлийн биш дээ

Яагаад ингэж Хайдав

Ямаан дах шиг өлгөгдөө вэ …

…Харав уу та минь ха ха ха

Хачин юм хи хи хи

Ёстой нэг… хо хо хо

Эзнээ бүр… хө хө хө

Инээлдсээр хөгжилдсөөр өнгөрнө

Ичихдээ Хайдав тонгочно

Тэгтэл олноос хоёр хөгшин

Тээр холоос дуу алдав

–          Харав уу та минь!туслаарай! туслаарай!

–          Хашаанаас нь салгаарай салгаарай!

–          Өндөр хашаа барьдаг нь ч юу вэ элээ, элээ!

–          Өчүүхэн амьтныг шоолдог нь юу вэ!

эвий эвий!

–          Ийм ч юм болох гэж хурай,хурай!

–          Ижий аав нь хэн бол? хурай, хурай!

Салгах гэж сарвайгаад

Эмгэн хүрсэнгүй

Өргөх гэж өлийгөөд

Өвгөн даасангүй

-Ишш…

Хаалга үүдээр

Гардаг болохоос

Хашаан дээгүүр давдаг юм уу? гэж

Эмгэн үглэнэ

-Ишш…

Өмссөн хувцсаа

Өлгөдөг болохоос

Өөрөө өөрийгөө

Өлгөдөг юм уу?

Өвгөн үглэнэ…

 гэх Мандахсан багшийнхаа  “Өлгөөтэй Хайдав”шүлгийг уншихаар нүүдлийн киноны мотор дуугаран гэрэл асч Хайдав хэмээх дүрсгүй хүү хашаанд өлгөгдөн бажигдаж байгаа дүрс нүдний өмнө кино хальс шиг жирэлзэнэ.”Олддоггүй охин”,”Цагтай жаал” гээд гэнэн балчир хүүхдийн дүр,сэтгэл нэвт цухалзсан, гэм хоргүй гэнэн цагаахан  сэтгэлгээтэй тэгсэн атал уншиж байгаа хүүхдийн хэлийг  зүгшрүүлэх, хурц тод хэллэгтэ болгох,үгийн нарийн мэдрэмжийг тоглоом наадгайн хэлбэрээр хөгжүүлэх, энгийн мөртлөө сургамжтай, хөгжилтэй,хэмнэлтэй гээд олон  талыг багтаасан шүлгүүд байдагсан. Эдгээр шүлгүүдээр бүтсэн “Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн номууд нь багшид минь хүүхдийн зохиолч гэдэг алдар нэрийг хайрлажээ.

Дэрвэж арайхан нисээгүй

Дэгдээхий байхаасаа үерхсэн гэх Галмандахын хөгжим “Үерхэл чамайг нандигнана”

Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад

Хоёр тийшээ найган ганхана аа

Жин жин жингэнээхэй

Дон дон дондогноохой гэх Д.Чинзоригийн хөгжим “Хонхот хүүхэлдэй”

Гүзээлзгэнэ жимс амттайхан даа амттайхан даа гэх С.Батболдын хөгжим  “Гүзээлзгэнэ” дууг нь хүүхдүүд өнөөдөр ч яралзтал дуулж байгаа.

Багш маань  монгол хэлний яруу тансагийг зурж, ярьж, уншуулж ойлгуулан, хүүхдийг үе тэнгийнх нь нүдэн дээр анзаарахаар“ургуулдаг”хүн ажээ. Уран  зохиол сонирхдоггүй ямар ч хүүхэд ном уншдаг болж, алдаагүй зөв бичдэг, бичгийн хэв нь сайжирч, дэвтэр нь хүртэл цэвэрхэн болдогсон. Нэгэн сэтгүүлч миний багшийг ”Оюуны цэцэрлэгч” гэж ихэд онож нэрлэсэн.”БАГШ” хэмээн бүх үсэг нь томоор бичигдэх, бас жинхэнэ утгаараа хэлэгдэх ийм хүнтэй би дунд сургуульд,бас дээд сургуульд ч олон таараагүй.Төрөлх хэл бол эх орон, тусгаар тогтнол,бахархал, үзэл бодол, мэдрэмж, хүмүүжил ажээ.

      Үгийн дэнлүү асааж

            Өөрийгөө гэрэлтүүлнэм би гэж  

Д.Мандахсан багш минь яруу найргийн “Навчих ай”номоо эхэлжээ. Ямар гоё мэдрэмжинд үгийн гэрэл асан, ид шид орж, хамтдаа гэрэлтэх мөрүүд вэ. Өөрийгөө гэрэлтүүлээд зогсоогүй, миний бас олон хүүхдийн сэтгэл дотор байсан гэрлийг багш минь асааж өгсөн. Хүн чанар, мөн чанарын судал мөрдөн асаасан тэрхүү гэрэл алт эрдэнэ хайх хайгуулчин адил өөрөөсөө эхлэн, эргэн тойрны зүг бүрт долгионоо тархаадагсан. Миний тэр гэрэл ассанаас хойш аливаад мухардах, няцах, доройтох бүрт гэрэлтүүлэн зүглүүлж, эргэлзэн арчаа алдах, хазайж ухрахаас сэргийлжээ.

Найрагчийн өмнө навсагнасан

Найрагч хочтой явснаас

Найргийн шон чигжсэн

Чулуу байсан нь дээр …

Өдрийн сонин 2013 он 2 сар 22 №046

Энэ дөрвөн мөрт бол багшийн минь чин үнэн сэтгэл, чин үнэн дүр төрх.

Хэн нэгэн хүн хоёр нүүр гаргах, худлаа, хуурамч загнах, хуурч мэхлэхийг багш минь хэзээ ч тэвчдэггүйсэн. Ийм байдалтай таарвал юу юунаас илүү хэлмэгдэн цочирч, мухардан аргагүйтэхийг нь хардаг байлаа. Яагаад ингэж дургүйцдэг байсныг одоо л дөнгөж ойлгож ядна. Үнэн үгээр тэрхүү байдлыг жинхэнэ шүүнэ. Үг ийм хүчтэйг балчир байхад минь ухааруулж өгчээ. Анги дүүрэн хүүхэд зүггүйтэж бужигнасан ч хашгирч загнаж, уурлаж байхыг нь нэг ч удаа хараагүй.Тэгсэн атлаа танхим дүүрэн хүүхдийг атгасан гар шиг зангидан хичээл ямар хурдан, хичнээн гоё өрнөсөөр, завсарлагааны хонх хүсээгүй байхад жингэнэдэгсэн.

Цаг хугацаа, он жилүүд шулуун дардан байсангүй. Надаас өндөр багш минь надаас намхан болж, өвгөн багш хэмээн өргөгдөн нэрлэгдэхээр болж он жилүүд үер мэт хүчтэй урсгалдаа олон юмыг хаман урсч, уйлмаар инээмээр, харуусмаар сэтгэлийн олон үзэгдлийг улирал адил ээлжилэн дайран өнгөрчээ.Энэ бүхий л хугацаанд багш минь анх байсан тэр итгэл үнэмшлийн минь бардам бахархалыг хэвээр байлгаж чадсан.Багш болвол ядаж багшийнхаа тал шиг болъё гэж оролдож үзсэн, дутсан. Багш шигээ болоход ямар их зүйл заяасан байх хэрэгтэйг ганц жил багшлаад ойлгож билээ.

Уйт намар шувуу бидэн хоёр

Уйлсан навчин дээрээс умрыг зорино

Урт насны хан суудал хотолзуулан

Урьдын цагийг удаан дэнсэлнээ ийм гоё мөрүүд бичээд байгаа хүн дээ.

Саяхандаа яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайгаар “Навчин ай”номынхоо өмнөх үгийг бичүүлэхээр дайлгасан багшийнхаа захиаг хүргэж очлоо. Өмнөтгөлд тэрбээр “Орчлонгийн жамаар бидэн хоёр бие биенээ үгүйлэхийн зайтай “өтөлж” явна даа.Сэтгэлийн чимээ, далдын ерөөлөөр бид хоёр холбогдсон улс… Дэндүү хэрсүүжсэн гэнэн халдахааргүй “дархлалтай” болчихсон энэ яруу найрагч давтагдашгүй нэгэн тоо бололтой”гэжээ. Би энэ үгэнд үнэхээр баярлав. Эдүгээ Эрдэнэт хотод байгаа миний багш, Улаанбаатар хотод байгаа Лхагвасүрэн найрагч хоёр бие биеэ хэнээс ч илүү ойлгож мэдэрдэг улс ажээ.

Багш минь алдар нэр, ашиг хонжоо мэдэхгүй хэвээрээ өвгөн болтлоо үзгэн дээрээ тонгойж, шүлгээ бичин, энгийнээс энгийн дэндүү эгэл даруухан, заримдаа ховор хомсхон амьдарч байгаа хэдий ч хэмжээлшгүй баян сэтгэлтэйгээр хэдэн бор шавь нараа “хүн болгон” хүмүүжүүлсээр иржээ. Он жилийг тэсэх газар нь тэсэж, бүдрэх газраа бүдэрч,гуниглах газраа гуниглан, баярлан онгирох газраа хөл нь газар хүрэхгүй баярлах багш минь зорилгоосоо нэг өдөр эргэлзэн хэлбийж, нэг өдөр хойш тавьж алгуурлалгүй чамбай хэдэн шүлгээ бичсээр, чамбайхан цаг хугацааг элээж суугаа. Хувь амьдрал бол хэнд ч байдаг эгэл энгийн хувь заяаны зөрөг зам гэж би боддог.Түүний шавь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг “Чинжиг ах” багшдаа бичсэн захиандаа “ Амьд явах нэг хэрэг, амьдрах хоёр хэрэг. Ахиад заяахгүй орчлонд алдаж онох нохойн баас ”гэж бичсэн байсансан.

…Нисч яваа

Анирт шингэсэн

Хийсч яваа

Навчинд хувирсан

Аль эртийн мөрөөдөл

Зүүд байсан

Зөн байсан…

Энэ хоосон цэг

Цэг биш анир…

“Навчин ай”ном  багшийн минь олон жилийн сэтгэл зүтгэл, бүхэлдээ эрэл хайгуул, үгийн уурхайд ажиллах хүнд хүчир хөдөлмөрийг харуулж чаджээ. Орчин үеийн үгийн урлагийн шинэ сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, эрэл хайгуул, дотоод ухаан гээд дутуу юм ер алга. Урлаж бүтээх цаг, бас цалин хөлсгүй энэ хөдөлмөрөөс уйдаж няцалгүй үргэлжид “залуу”шүлэг найраг туурвиж байгаа  Мандахсан багшаараа анх тааралдахад байсан тэр хүн одоо ч мөн хэвээрээ байдаг хүн чанарын гайхамшигаар бахархаж сууна.

Өөдтэй үггүй гансралын дуугаа

Өрдсөн гал шиг ноцоож бичнэ

Гунигтай шүлгээсээ жаргал амсаж

Гургалдайн дуутай хөгжим сонсоно

Гуравхан бадагтаа цээж тэвхийж

Газар даахааргүй том явна

            Өөртөө нууж бичнэ

            Өвчүүн цаанаа нурж бичнэ

            Өөртөө уйлж бичнэ

            Өмгөр бор зүрхээ цуулж бичнэ

“ Тэнгэр газар хоёрыг тэвхдэж яваа” … энэ шүлэгнээс бидний сайн мэдэх багшийн минь танил дүр гялёхийн тодорч , өөрийн дүр төрх, сэтгэл зүрхээ, ингэж илэн далангүй гоё “зурж” илэрхийлсэн үгэн зураг харагдана.

Булган аймгийн 70 жилийн ойд зориулсан “Бага нэвтэрхий толь”хэмээх номыг үзлээ. Энэ номонд багш минь яагаад “багтаагүй” юм бол доо. Зохиогч, эмхтгэгч нь Ж.Болдбаатар, С.Оюунчимэг гэжээ. С.Оюунчимэг эгч багшийн гарын шавь нарын нэг. Багшийгаа найрагчаар нь эс гэхэд баатрын багш гэдгээр нь багтаачихгүй.

Хоёр улсын БААТАР хүний багш Монголд хэд байдаг вэ? Ганцхан байдаг үнэн. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэмээх ховорхон баатар эрийн, ангийнх нь багш бол миний багш Дамдинсүрэнгийн МАНДАХСАН. 1981 онд Монгол хүн сансарт ниссэнийг тохиолдуулан Монгол кино үйлдвэрээс хийсэн баримтат кинонд идэр залуухан багш минь ярилцлага өгч байгаа нь одоо улсын дуу дүрс бичлэг, киноны архивт бий. “Навчин ай”номондоо багш минь

Эрмэг хүлэг шиг үзэг юугаан

Налж суугаад дуулнам 

гэж үзгээ хүлэг морьтой зүйрлэх энэхүү ихэсгэлд түүний дотоод хүндэтгэл, өөриймсөл, өмөг түшиг, баяр гуниг бүхлээрээ багтдаг. Багш маш гоё зурдаг, зураачийн авъяас заяасан хэдий ч  уран зохиол “хөөсөн”  гэдэг.Түүний шүлгүүдийн ихэнх нь хурц өнгө будгаар хайр найргүй “тоглон” бийрээ эрх чөлөөтэй, омог бардам хөдөлгөн байгаа зураачин дүр дүрслэл, зурагтай байдаг нь үүнтэй холбоотой болов уу.

Миний багш Монголын уран зохиолд хамгийн олон найрагч төрүүлсэн багш гэчихэд нэг их хилсдэхгүй.Түүний байгуулсан “Уран Өд” дугуйлан одоо 50 гаран настай. Өнөөдөр ч шижигнэсэн авъяастай залуус тэр дугуйлангаас төрөн гарч утга зохиол хэмээх их айлын хаалгыг онголзуулан байна. Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг,Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, яруу найрагч О.Мягмардорж, 90-ээд он Мөнгөн үеийхний дунд цахиур хагалж явсан Д.Баттогтох, МЗЭ-ийн шагналт Д.Ганчимэг, Б.Эрдэнэсолонго, залуу яруу найрагч М.Хангал, Н.Мөнх- Идэр,Ч.Өсөхболд, Сосорбарам гээд шавь нараас нь онцолж нэрлэе.Бүгд л өөр өөр өнгөтэй, давтагдашгүй. Хамгийн гол нь уран бүтээлч байх мөн чанар, хүмүүжилтэй.Зөвхөн яруу найрагч зохиолч төрүүлье гэж туйлшраагүй багш минь хэдэн зуугаар тоологдох “сэтгэл зүрхтэй” сайн уншигчид сургаж хүмүүжүүлсэн билээ. Дунд сургуулийн хэл, уран зохиол зааж байсан заах аргаас нь гарын авлага болгон ном хэвлүүлэхсэн, тэгвэл Монголын мянга мянган багш шавьд том буян болно доо гэж хорхойсон бодож, хааяа багшийгаа шахамдуулдагсан.Төрөлх хэлний хичээлийн ач тусыг бид тооны машинаар тооцоолон гаргаж чадахгүй. Мандахсан багш минь хэдийгээр ”Гавъяатын” тэмдэг энгэртээ зүүгээгүй ч жинхэнэ “ГАВЪЯАТАЙ БАГШ” гэж шавь нар нь ам бардам тодорхойлно.

Сормуусны үзүүр дээр бөмбөрсөн сэтгэлийн бор нулимс

Сормууснаасаа тасран нэг хоёр дуснаа

Тоотой юм шиг топ топ тоолж унаснаа

Тоо нь алдраад сулдаа урсав аа …

“Бор борхон нулимс” түүний шүлгээс нулимсны чимээ сонсогдож байгаа биз. Шүр сувдан зүүлт утаснаасаа тасрахдаа ийм чимээ дүрслэлийг үзүүлэн асгардаг. Хэлээгүй мөртөө давхар буух өгүүлэмж энэ ажээ.

Үсэг ном шүтэгч

Үлгэр шүлэг эрээчигч

Аяа би

Үзэгтэйгээ өтөлнөм

Алдар минь

Тэр буй

Амьсгал минь ч

Мөн буй… хэмээн бичих багш минь хүүхдийн ч сайн зохиолч төдийгүй, том хүний ч “том” найрагч билээ.

Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр өгүүлж байсан өмнөтгөлдөө багшийн минь тухай үргэлжлүүлэн бичихдээ “шүлгийг ингэж бичдэг юм…”гэж тохуутай нь аргагүй “хэлээ”гаргаж, намайг “еэ еэ бөө бөө” гэх шиг болов гэжээ. Энэ бол их найрагчаас багшид минь тавьсан “онц ” дүн болой.

Багш дор мөргөмү.

2012 он Улаанбаатар хот