Эрдэнэт хотын “Өнөөгийн Эрдэнэт” сонины 2011 оны хоёрдугаар сарын 6-ны № 05-д нийтлэгдсэн сэтгүүлч, яруу найрагч Х.Нямхишигийн чөлөөт таталбарыг толилуулж байна.

Би баруун Алтайн хүн. Тэр нутагт салхи нь даанч эрэмгий, элс нь даанч зөөлөнсөн. Нутгаа санах тоолондоо би тэнд суугаа өвгөн буурал багш /Г.Чардаг авгай/-аа санагалздаг юм. Харин Алтайн маань салхи зөөлөрч ирэх энэ нутаг /Эрдэнэт/-т яг л багш шиг минь нэгэн буурал эрхэм /Д.Мандахсан авгай/ суудаг юм. Тэр эрхэмтэй учрах завшаан бүрт би ухаарал, эгээрэл, бас гэгээрэл авч чаддаг тул түүнийг Ча багштайгаа зүйрлэв. Тиймээс энэ мөрнөөс эхлэн Мандахаа багш хэмээн /Шавь нараас нь үл эмээн / бичсү.
***
Би их олон зүйлд эргэлздэг. Тэр тусмаа шүлэг бичдэг бүхэн яруу найрагч мөн эсэхэд бүр ч их эргэлздэг. Яагаад гэвэл яруу найраг бичих нь толгой холбохоос тэс өөр зүйл гэж итгэдэг. Бас яруу найраг бол ерөөл хийгээд хараал, магтаал болоод шүүмжлэл огтхон ч биш, тэр дундаа уран чанга уншлагад бус чив чимээгүй “Уншлага”-д зориулагдсан байдаг гэж итгэдэг. Би цөөхөн зүйлд эргэлздэггүй.Тэр эргэлздэггүй зүйлсийн минь дотор Мандахаа багш байдаг. Учир нь би түүнийг яруу найрагч мөн гэдэгт огтхон ч эргэлзэхээ больсоор удаж байна.
… Ундармал
    Тунамал
    Анирсуу
    Аяархан 
    Нэгэн ертөнц … /Навчин ай.97/ Энэ бол түүниЙ ертөнц.
  Би
    Буйд ертөнц
    Бурхангүй газрын 
    Уйд аглаг ертөнц … /Навчин ай.115/ Харин энэ бол тэр өөрөө. Тэгэхээр Мандахаа багш ертөнцийг тэвэрсэн ертөнц юм. Тэр, энэ л ертөнцдөө:
Ганц утсан дээр 
    Дан аялгуу уйлах … /Навчин ай.69/ -ыг чимээгүй суун сонсож,
Горхины хөвсгөр цагаан манан
    Манан дунд анир нэгэн гөрөөс
    Анир нэгэн гөрөөс зул улаан 
    Зул улаан гэрэл горхинд өнжих– /Навчин ай.18/-ийг бодлогошрон харж,
    Огт оргүйд 
    Бүрхэг бодол … 
    Уйс уйсхан.
    Ганц нэг
    Цас хаялна /Навчин ай.16/ хэмээн гуниж,
Өөртөө нууж бичнэ
    Өвчүүн цаанаа нурж бичнэ /Навчин ай. 7/ хэмээн дотогшоо омогшиж,
  Аяа хүмүүн чамаас 
    Би 
    Арван сарын зэрлэг гөрөөс мэт 
    Үргэнэм /Навчин ай.63/ хэмээн өөрийнхөө дураар ганцаардаад,
Гадаа …
    Уяан дээр
    Өсгийн цагаан үрээ 
    Хөлөө сэлгэх нь 
    Мөнгөлөг цагийн 
    Сэрэхүй /Навчин ай.56/ болохыг мэдэрч,
Хуучин наран 
    Эртний танил шиг
    Цонхоор тосном зээ… /Навчин ай.37/ хэмээн цаг хугацаанаас хамааралтай атлаа огт хамааралгүй, бас дэндүү энгүүн атлаа эгэл бусаар аж төрмүй.

***
Мандахаа багшийн яруу найргийн түүвэр “Навчин ай” миний ширээн дээр байна. Түүний шүлэг бүхнээс гагцхүү Мандахсан л үнэртэж , амтагдаж, харагдаж, сонсогдож, бас мэдрэгдэж байна. Үнэн, худал, сайн, муу, сайхан, муухай, юм бүхэн холилдож хутгалдсан энэ амьдрал дунд ийм өөрийнхөөрөө байж чаддагт нь би Мандахаа багшийг биширнэм.
   Хааяа цонхоор алсыг харж юм бодох
     Халуун хоолны үнэр өрөө дүүрээд ханхлах
     Хачин эгэл амьдрал энгүүндээ шүлэг болох
     Хамаг юм, эргэн тойрон үргэлжлэх
     Би зөвхөн 
     Би хэвээрээ л орших /Навчин ай. 58/,
Тиймээ, Мандахсан Мандахсангаараа, Нямхишиг Нямхишигээрээ байгаа нь сайн хэрэг. Өвөл өвлөөрөө, зун зунаараа байх гоё. Харамсалтай нь өнөө цагт Дорж шиг Дондог, Дондог шиг Долгорууд яасан олон болоо вэ? Хавар шиг зун, намар шиг өвлүүд яасан олон болоо вэ? Гэхдээ өөрийнхөөрөө байх нь үргэлж хуучнаараа байх тухай ойлголт огт биш юм.
    Хуйс цоохор навчнаа гишгэхэд 
     Хуурай алтан чимээ шажигнадаг
     Хуурай алтан чимээн дотроос 
     Хуучирснаа анзаараад эрхгүй гунигладаг /Навчин ай.15/.

Хуучирснаа анзаарах нь шинэчлэл юм. Яагаад гэвэл түүний алган дээрээс жигүүр дэлгэсэн шавь нар нь Монголын нэн шинэ үеийн яруу найргийн гайхамшигт цэцэрлэгт цоо шинэ “сорт”-ын яруу найраг “тарьж” явааг би мэдэх юм. Түүнийг хүндэлж явдгийн минь бас нэг шалтгаан энэ.
Нэгэнт л утга зохиолын тухай ам нээснийх цааш жаахан хадуурахад зохиолч, яруу найрагч хэмээх нэрийг зүүгч эрхмүүд миний хувийн бодлоор дараах дөрвөн ангилалд хуваагддаг юм.
– Сайн бичдэг, түүнийгээ ч мэддэг хүмүүс
– Сайн бичдэг атлаа өөрийгөө үл тоож , энгийн даруухан байж чаддаг хүмүүс
– Муу бичдэг, түүнийгээ ч мэддэг атлаа бичсээр байдаг хүмүүс
– Муу бичдэг атлаа түүнийгээ мэддэггүй хүмүүс.
Эдгээр хүмүүс бүгд нийлээд утга зохиол хэмээх аугаа ертөнцийг бүтээдэг юм. Тэдний тухай би “хэрэгтэй”, “хэрэггүй” гэж ярих дургүй. Учир нь “Уул ч бай, толгод ч бай оргилтой бас бэлтэй байдаг юм” гэж Ча багш минь надад хэлсэн билээ. Гагцхүү сонгодог хийгээд нийтийн утга зохиолын ялгааг сайтар мэддэг байх нь өнөө цагийн оюунлаг хүний гол үзүүлэлт гэж би боддог. Миний энэ бичвэрийг уншиж суугаа хүмүүст хэлэхэд, та жинхэнэ яруу найргийг М.Билигсайхан тэргүүтний шүлгүүдээр, хүүрнэл зохиолыг Б.Шүүдэрцэцэг мэтсийн номуудаар төсөөлдөг бол хоцрогдож байна даа л гэж хэлмээр байна. Ер нь тэгээд зохиолч, яруу найрагчдыг уншигчдынх нь тоогоор бус чанараар дүгнэдэг гэж би хувьдаа боддог.
За даа одоо гол яриандаа орьё. “Навчин ай” түүвэрт навчис, нүд хоёрыг их тод зуржээ. Навчис бол гунигийн билэгдэл, харин нүд бол хайрын билэгдэл юм. Тэгэхээр энэ ном гуниг, хайр хоёроос бүтжээ. Уулыг уул чигээр нь хуулж зурах нь тааруухан зураачийн ажил гэж би боддог. Яруу найрагч ч мөн ялгаагүй. Мандахаа багшийн шүлгүүд үзэгдэл юмсын дотоод мөн чанарт нэвтэрч, сэрж, сэтгэж бичсэндээ л жинхэнэ яруу найраг болчихсон хэрэг.

***
Эрдэнэтийн модот гудамжнаа, цүнхээ сугавчлан, хэнд ч үл анзаарагдам алхаж яваа жижигхэн шар өвгөн /Мандахаа багш/- ийг мэдэх нэг нь мэддэг, мэдэхгүй нэг нь мэддэгүй л биз ээ. Гэвч түүнийг утга зохиолын ертөнцөд улам л үнэд орсоор байх болно гэж би бат итгэдэг.
Тэртээ алс Алтайн шороот гудамжнаа бас нэгэн жижигхэн шар өвгөн /Ча багш/ цүнхээ сугавчлан, хэнд ч үл анзаарагдам алхаж яваа. Энэ хоёр өвгөн яагаад ч юм надад туйлын адилхан санагддаг юм. Энэ үгийг өнгө хийгээд хэлбэрийн тал дээр хэлсэнгүй ээ. Тэдний, амьдралд хийгээд утга зохиолд хандах хандлага, бусдад тэр тусмаа утга зохиолын залуу үед нөлөөлөх нөлөөлөл нь хоорондоо тун төстэй, зөв агаад өгөөжтэй амуй.
Яруу найргийг бүх насаараа ч гэх юм уу, удаан хугацаанд жигд сайн бичих тун хэцүү. Яагаад гэвэл яруу найраг өөрөө тийм дээд түвшний зүйл юм. Мэдээж жинхэнэ яруу найргийн тухайд тэр шүү дээ. Зохиолчид ихэвчлэн залуу насандаа яруу найраг бичиж, нас тогтож ухаан суухын хэрээр илүү даацтай бүтээл рүү жишээлбэл, үргэлжилсэн үгийн зохиол руу ордог нь нийтлэг болсон зүйл. Гэтэл үүний яг эсрэг нь гэмээр хүн бол Мандахаа багш юм. Тэрээр яруу найргийг тун хожуу б ичиж эхэлсэн ч ёстой л “Оройхон мордож ширүүхэн дарна” гэдэг шиг сайн бичиж буй. Ийн өгүүлэхийн учир Мандахаа багш бусдаас өөр, тун ховорхон авьяастан гэдгийг л хэлэхийг хүссэн юм.

***
Таны уншсан энэ жаахан бичвэр Ча багш, Мандахаа багшийн тухай, тэгээд яруу найраг, цаашлаад утга зохиолын тухай, магадгүй миний тухай чөлөөт таталбар юм.