I
Хавар- миний эх орон
Хар багаасаа
Гандуухан өдрий нь тэвэрч өссөн
Гундуухан ааший нь зөөллөж дассан
Ээжий минь үнэр шингэсэн – хавар
Эцгий минь хөлс даасан – хавар
Хавар айсуй нь
Өвлийг мартам сайхан байдаг
Хамаг юм ирж яваа нь гайхам байдаг
Хөвөнтэй дээлээ гаргаж өмсөх сайхан байдаг
Хөнгөрөөд бие сэтгэл сэргэлэн болдог
Хавар миний эх орон
Хацры минь сайртуулж өсгөсөн
Борхон хавар мину
II
Зун- миний эх орон
Зураг шиг залуухан
Дэлгэрхэн өнгөөр нь гоёж өссөн
Дэндүүхэн сайхнаар нь цэнгэж наадсан
Оюутан насны минь од цэцэглэсэн- зун
Оюун эрдмий минь оч цацарсан- зун
Зун болох нь
Хаврыг мартнам сайхан болдог
Зугаатай амралт нь эрүүл биед гайхам байдаг
Тэрэлгэн дээлээ сольж өмсөх сайхан байдаг
Тэнгэрийн салхи нэвт сэвэлзээд гоёхон байдаг
Зун- миний эх орон
Зүрхий минь налж чагнасан
Зүлэг ногоохон зун мину
III
Намар- миний эх орон
Насан идрээсээ
Найртайхан дуунд нь найгаж өссөн
Найман зүгийн баялагт нь жаргаж дассан
Ажилдаа борлосонч хүн нь ядраагүй намар
Алдар нь өндөрч хүч нь дундраагүй намар
Намар болох нь
Зуныг мартам сайхан байдаг
Намтарт цагийн дараа бие хөвч шиг чангарсан байдаг
Хурган дээлээ сэгсэрч өмсөх сайхан байдаг
Хургасан халуун хулжиж сэрүүсэх нь гоёхон байдаг
Намар миний эх орон
Насны минь бэхэлж гүйцэд болгосон
Налгархан шар намар- мину
IV
Өвөл- миний эх орон
Өдий болтлоо
Өлчирхөн хүйтэнтэй нь ижилсэж дассан
Өрвөлзөх шуургы нь эгц сөрж тогтсон
Сэтгэлий минь илч төөнөсөн- өвөл
Шүлгий минь ирлэж хурцалсан- өвөл
Өвөл айлчлах нь
Намрыг мартам сайхан байдаг
Өнгөрснөө базааж бэлтэй суух нь баян болгодог
Азарга нэхий дээлээ салхилуулж өмсөх сайхан байдаг
Алтай Хангайн өвөлжөөндөө буусан юм шиг дулаахан болдог
Өвөл- миний эх орон
Өөрийн минь хүн болсож бяр суулгасан
Өлчир мөнгөн өвөл мину
V
Дөрвөн улиралтай эх орон минь
Дөрвөн зүгийн өнгөөрөө намайг чимдэг
Халуунд нь халж,хүйтэнд нь хөрж
Хайртай болсон
Эх орныхоо араншинг дуурайж төрсөн
Дөрвөн өнгийн дээлтэй
Дөрвөн их нүүдэлтэй
Би Чингис удамтай
Монгол хүн