Шошго


http://news.zindaa.mn/n05  2012 оны 05 сарын 18

Эх дэлхийн юмс бүхэн дуу хуур, инээд наргианаар цалгиж гэмээнэ утга төгөлдөр, яруу тансаг болдог учиртай. Сайхан бүхний эхлэл нь итгэл, үнэнч хайраас төрж, баяр баясгалант гэрэлт ирээдүй рүү тэмүүлдэг биз ээ. Чухамдаа дуу, ая эгшиггүй бол дэлхий ертөнц уйтгартай байх байсан. Сонсголгүй хэрнээ хөгжмийн нот зохиож, хараагүй хэрнээ бийрийн үзүүрт уран зургийн гайхамшгийг дүрсэлсэн тэртээх зуунд амьдарч асан суутнуудыг бишрэхгүй байхын аргагүй. Энэ л хүмүүний дээд, яруу тансгийн дуулал болсон эрхмүүд өнөө цагт ч бидний дунд аж төрсөөр буй. Тэд бол зохиогчид. Басхүү бүтээгчид. Хүүхдийн ертөнцөд залуу насаа үдэн, багачуудад зориулан олон, олон дуу “төрүүлсэн” санчиг буурал ахтайгаа хоромхон хөөрөлдсөн юм. “Миний шавь нар намайг хүүхдийн зохиолч болгосон” гээд инээмсэглэх Д.Мандахсан багшийг “Гүзээлзгэнэ”, “Үерхэл чамайг нандигнана”, “Малчин болно доо”, “Хонхот хүүхэлдэй” зэрэг хүүхдийн, “Энэрлийн тэнгэр ээж минь”, “Ижий”  гэсэн зохиолын дуугаар нь эрдэнэсийн хотынхон андахгүй.

Хүүхдийн зохиолч Д.Мандахсан уран сандаа 30 гаруй дуутай. Тэрээр багадаа зураг зурах дуртай нэгэн байсан гэдэг. Зургаас хөндийрч номын хүн болоход түүний мэргэжил хамгийн ихээр нөлөөлжээ. Сургуулиа төгсч, хэл, уран зохиолын багшаар ажиллаж, хүүхдийн дугуйлан хичээллүүлэх болсноор зурах урлагаас хөндийрсөн байна. Ингэж сонинд мэдээ, сурвалжлага бичдэг байсан залуу багш уран бүтээлийн “гал тогоо”-нд хөл тавьсан түүхтэй. Тэрээр “Аавдаа хайртай, ээждээ хайртай, ахдаа хайртай, эгчдээ хайртай” гэсэн дууны үгийг “Хэзээ ийм дууны үг байсан юм” гэж их л голонгүй шүүмжилж байсан удаатай. Дараа нь тоглолтон дээр хүүхэд дуулж байхыг хараад “Хүүхдийн дуу зүгээр нэг шүлэг биш, яруу найраг биш” гэдгийг ухаарчээ. “Хүүхдийн ертөнцөд амьдардаг учраас л шүлэг төрдөг” хэмээн сэтгэлээ “уудалсан” зохиолч маань “Хонхот хүүхэлдэй” дуугаа хэрхэн “өлгийдөж” авсныг уншигч танаа хүргэе.

Дэлгүүрийн лангуу, цэцэрлэгийн тоглоомын тавиур дээр “Дондогмаа” эгнэдэг байх тэр үед Д.Мандахсан багш Булган аймгийн улсын тэргүүний нэгэн цэцэрлэгт зочилжээ. Багштай нь уулзах гэтэл байдаггүй. Ингээд хүлээх зуураа хүүхдүүдтэй элдвийг хөөрөлдөж, тэдний тоглоомуудыг заан “Энэ юу вэ” гээд л нэг бүрчлэн асуусан гэдэг. Багачууд ч ам амандаа шулганан модоор хийсэн машин, бамбаруушаа нэрлэжээ. Харин дон дон дуугардаг болохоор нь “дондогмаа” гэж нэрлэдэг хэмээн алаг “хүүхдээ” заав. Тэдний дундаас нэг хүүгийн “Биш ээ, үүнийг чинь хонхот хүүхэлдэй гэдэг юм” гэх цовоо дуу сонстжээ. Багштай нь уулзаад буцах замд мөнөөх сонин, содон нэр санаанаас гарсангүй. Ингээд тэр даруй “Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад, Хоёр тийшээ найган ганхана” гэсэн хоёр мөр буюу эхний бадаг орж иржээ. Дууны бадгийг гүйцээх гээд бүтэхгүй байсан тул орхичихож. Сарын дараа санаандгүй сууж байгаад “Хонхот хүүхэлдэй ганцхан дуутай, Харин би олон дуутай” гэсэн гурав дахь бадгийг бичиж энэ дуу “төржээ”. Сүүлчийн бадгийг бичсэнээр хүүхэд, хонхот хүүхэлдэй хоёрын ялгаа гарч ирсэн гэдэг.

Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч, шавь Ц.Чинзориг нь зуны амралтаараа ирж багшдаа золгохдоо “Багш аа, би хөгжмийн зохиолч болсон” гэжээ. “Сайн байна” гэж урмын үг хайрласан багш нь Бавуугийн Лхагвасүрэнгийн үг, Ц.Чинзоригийн ая “Зүүдний говь”, “Үүлэн цэнхэр хангай” дууг сонсоод эрхгүй уярсан гэдэг. Тухайн үед “Энэ маань шал өөр болжээ” гэж бодоод хэдэн хүүхдийн шүлэг үзүүлсний дунд “Хонхот хүүхэлдэй” байв. Тэр зундаа оюутан Ц.Чинзориг Могодод амарч, баярын тоглолт дээр хүүхдүүдээр дуулуулснаар энэ дуу анх олны сонорт хүрчээ. Удалгүй Улаанбаатарын багачууд дуулж эхэлсэн юм билээ. Зохиогчийн хэлснээр үг, ая нь нийлсэн жинхэнэ дуу энэ болж. Хүүхдийн насны онцлог, сэтгэлзүйд тааруулж дуу бүтээдгээрээ хүүхдийн зохиолчид ялгаатай. Ерөөс тэдний хэлснээр “Үнэн, аялгуутай, энгийн, аж амьдралын байх” нь дууны шүлгийн онцлог аж. Сүүлийн үеийн цэцэрлэгийн насныханд мартагдах болсон “Хонхот хүүхэлдэй”-г та балчирхан үрдээ аялж өгөөрэй.

Д.Бадамхүү

About these ads